- Урлагт хөл тавьж байсан үеийн чинь дурсамжаар яриагаа эхэлье. Анх урлагийн “гал тогоонд” орж ирэхэд хэр хүлээж авсан бэ?
- Монголын хүүхдийн ордоны дуулаачийн дугуйланд явж байгаад 2004 онд урлагт хөл тавьсан. Тэр жилийнхээ наймдугаар сард Гала хамтлагаа байгуулж байлаа. Хүүхдийн ордны дугуйланд явж байхдаа Болороотой танилцсан юм. Тэр үед дөнгөж 16 настай, үзэл бодлын хувьд төлөвшиж амжаагүй бид хоёр урлагийн тайзан дээр гарч жинхэнэ уран бүтээлч болоход аль алинаас нь их тэвчээр, хатуужил шаардагдаж байсан. Гэхдээ хүн зорилготой, түүнийхээ төлөө тууштай тэмцэж чадвал богино хугацаанд урлагийн хүн болж чаддаг гэдгийг бид хоёрын амьдрал харуулсан. Гала хамтлаг анхны цомгоо зургаан сарын дотор гаргаж, найман сарын дараа “Хөвгүүн” нэртэй тоглолтоо UB palace-Open air-т хийн 20 мянган үзэгч цуглуулж байсан гээд дурсахад маш сайхан байдаг. Энэ их хөдөлмөртэй хамт сэтгэлийн маш том хатуужилыг ч олж авсан. Цаг хугацаа ч харвасан сум шиг явсаар нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрч, гэрээний хугацаа маань дууссан. Тэр үед цаашид яах вэ гэдэг асуулт бид хоёрын өмнө тулгарсан л даа. Миний хувьд уран бүтээлээсээ хөндийрч чадахгүй байсан учраас их сургуулиа төгсөөд уран бүтээлдээ орсон. Гэхдээ ганцхан дуулах биш, нийгмийн төлөө илүү санаачлагатай ажилладаг уран бүтээлч байхын төлөө зорьж ажиллаад “Хөөрхөн дэлхий” ТББ байгуулаад амжилттай ажиллаж байна.
- Охиноо урлагт хөл тавихад эцэг, эхийн зүгээс ямар байдлаар хүлээж авсан бол. Урлагийнхны ажил ерөнхийдөө шөнө орой өрнөдөг шүү дээ. Дуу бичүүлэхэд ч юм уу, энэ тэнд дуулах болоход ч гэсэн орой л ихэвчлэн явна. Энэ асуудлуудыг яаж зохицуулж байв?
- Гэр бүлийн хүмүүжлийг эцэг, эх маань зөв олгосон юм болов уу гэж боддог. Эцэг, эх маань намайг урлагийн хүн болоход зуун хувь зөвшөөрч байгаагүй. Яагаад гэвэл, багаас маань эмч болгоно гэж хамгийн сайн гэсэн химийн дугуйлангуудад явуулдаг байсан. Хүүхдийн ордны дууны дугуйланд явуулахдаа гоо зүйн мэдрэмжтэй болгох гэж оруулсан нь урлагийн хүн болоход их нөлөөлсөн. Дуучин болно гэхэд энэ чиний явах зам мөн үү, сайн бодоорой, урлагийн амьдрал гэдэг чинь их хатуу шүү дээ гэж хэлдэг байсан. Гэхдээ л энэ бүх асуудлыг миний хүсэл мөрөөдөл зөв тал руу нь эргүүлж чадсан л даа.
- Жирийн нэгэн Анутай харилцах харьцаа, олны танил Ану болоход өөрчлөгдсөн үү. Хүмүүс таньд хэр тал засч байна. Мэдээж, найзуудын чинь хувьд энэ тал дээр нэлээд ажиглагддаг байх?
- Урлагийн замд орсноор хүний сайн, муу талыг их мэдэрдэг болсон. Мэдээж хүнд алдаа дутагдал байна. Хамгийн гол нь их үү, бага уу гэдгээрээ л хэмжигдэх байх. Миний хувьд Гала хамтлагт мандаж байх үед байсан найзууд найз биш. Харин хамтлагийн уран бүтээл зогсонги байдалд орж, Болороо Ану хоёрын харилцаа холдож байх үед гарч ирсэн найзууд маань одоо ч холбоотой байж тусалдаг. Тэд бол шалгарсан найзууд. Олны танил Анугаас эгэл жирийн Ану болоход олдсон найзууддаа өөрөө ч гэсэн жинхэнэ сайн найз нь байх юмсан гэж хичээдэг. Хүн өөрөө сайн найз байж чадвал жинхэнэ найзаа олдог юм болов уу. Тэрнээс биш сайн найзыг хайхдаа биш юм л даа. Нүүрэн дээрээ найз гэчихээд сонин, сэтгүүлд захиалгаар юм бичүүлдэг найз нартай ч учирч явлаа.
- Урлагийнхан хэвлэл мэдээллийнхний анхаарлын төв байдаг. Өөрийн тань талаар сайн гэхээсээ илүү сөрөг мэдээлэл их гарч байлаа. Мэдээж тэр үед хэцүү байсан байх?
- Сэтгүүл зүй бол маш том хүчтэй зэвсэг. Үүнийг зөв талаар нь ашиглах ёстой гэж боддог. Бидний амьдарч байгаа нийгэм ямар байгаа билээ. Тэр их стресс дээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр биенийгээ байнга муулсан, аль эсвэл болохгүй бүтэхгүй зүйлийг өдөр тутам мэдээллээ гээд хүмүүст хэрэгтэй байна гэж бодохгүй л байна. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд зөв шүүмжлэл л дутагдаад байна. Гэхдээ энэ чиглэлээр бичдэг сайн сайн сэтгүүлчид байгаа. Сайны хажуугаар саар гэгчээр сэтгүүлчийн ёс зүйг уландаа гишгэсэн хүмүүс ч бий. Саяхан би “Соронз” сэтгүүлээс өөрийнхөө талаар маш таагүй мэдээг олж уншсан. Миний хувийн амьдрал руу хэт орсон юм нийтэлсэн байна лээ. Уучлаарай Ану гээд гарчигласан ч байх шиг. Миний хайртай залуугийн өмнөх найз бүсгүйг нь олон нийтэд дэлгэж бичдэг ч юм уу. Иймэрхүү бүдүүлэг юмнаас өөрсдийгөө хол байлгаач ээ гэж хэлэхийг хүсч байна. Магадгүй Ану чи яагаад уран бүтээл хийхгүй байна. Чиний хийсэн юм чинь тийм алдаатай байна гэх ч юм уу зөв шүүмжлэл хэнд ч хэрэгтэй.
- Урлагийнхан сэтгэл хөдлөл ихтэй байдаг. Тэрнээсээ болоод алдаж эндэх нь их юм шиг санагддаг. Таны хувьд сэтгэл зүйгээ хэрхэн залж байна. Сэтгэлээр унасан үедээ яаж тайтгардаг вэ?
- Сэтгэл зүйгээ зөв удирдана гэдэг бол маш том эрсдлээс өөрийгөө аварч байна гэсэн үг. Намайг нэг сэтгүүлч худлаа бичлээ гэхэд би тэрэнд нь ач холбогдол өгөөд сэтгэлээр унан шоудаад ч юм уу явсны дараа надад юу үлдэх вэ гэдгийг маш сайн мэдрэх хэрэгтэй. Ер нь, уурлаад байхыг ч хүсдэгүй. Аль болох өөрийгөө төв байлгахыг хүсдэг. Миний сайн яваа нь худал хуурмаг бүхний хариулт учраас улам эрч хүчтэй байхын төлөө хичээх ёстой. Би архи, тамхи алийг нь ч хэрэглэдэггүй. Хааяа найз нөхөдтэйгээ ярьж суухдаа цагаан вино бага зэрэг шимдэг.
- Чөлөөт уран бүтээлчдийн хувьд 20, 30 жилийн дараах амьдралын баталгаа байна уу. Энэ асуудлыг та өрийнхөө хэмжээнд хэрхэн зохицуулж байна вэ?
- Энэ бол бидний хамгийн түгшүүртэй асуудал. Бид төрд ажилладаггүй учраас нийгмийн халамж үйлчилгээнээс хол хөндий байдаг. Энэ жилээс би хувиараа нийгмийн даатгал төлж эхэлсэн. Тэгэхгүй бол үнэхээр 40 жилийн дараах Ану хэнд хэрэгтэй хэн байх вэ гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Бид мөнх залуугаараа байхгүй учраас дараа дараагийнхаа амьдралын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ тал дээр манай соёл урлагийн салбарынхан тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй юм шиг санагддаг. Нэгдсэн зохион байгуулалттайгаар ажил зохион байгуулвал чөлөөт уран бүтээлчдийн хувьд маш том асуудлыг нь шийдэх юм.
- Та оюуны өмчийн талаар ямар бодолтой явдаг вэ. Ер нь оюуны хулгайд хэр ач холбогдол өгдөг вэ?
- Гала хамтлагийн уран бүтээл эд цэцэглэж байх үед энэ асуудал маш хурцаар тавигдаж байсан. Нарантуул зах дээр бидний DVD–г хийчихсэн 20, 30 мянгаар нь хувилаад зарж байгаа хүмүүстэй таарч байлаа. Гэтэл ганцхан цомог гаргах гэж хичнээн их хөдөлмөрлөдөг билээ. Тэр болгон маань талаар өнгөрч байхад маш хэцүү байсан. Бидний эрх ашгийг хамгаалдаг байгууллага одоогоор яаж ажилладгийг сайн мэдэхгүй. Тиймээс урлагийнхандаа уриалахад бид хамтарч ажиллах цаг болжээ гэж хэлмээр байна.
- Та монгол эрчүүдийг хэр үнэлдэг вэ. Сүүлийн үед эрчүүд арчаагүй, залхуу, амьдралаа авч явах чадваргүй байна гээд л ярих боллоо. Харин таньд энэ бүхэн анзаарагдаж байна уу?
- Би гэр бүл төлөвлөлтийг маш эрт хийсэн гэж боддог. Нийгмийн байдлыг хараад байхад арай идэвхитэй байгаа нь эмэгтэйчүүд юм болов уу. Ер нь, чадвартай эмэгтэйчүүд их болсон байна. Гэхдээ санхүүгийн эрх чөлөөнд хүрлээ гэдэг нь чадалтай боллоо гэсэн үг биш. Харин ч эмэгтэйлэг чанараа хадгалж эрчүүдээ хайрлаж болохгүй байгаа зүйл дээрээ хамтран ажиллах ёстой юм болов уу. Тэрнээс биш хэн нэгэндээ буруу өгөх нь асуудлыг шийдэхгүй шүү дээ. Эрчүүд магтаалд дуртай гэдэг юм билээ. Эмэгтэйчүүд маань хамаг ачааллаа өөр дээрээ авчаад тэрнээсээ болж бухимдаад байдаг. Эмэгтэй хүн хурдан сэтгэдэг, яаруу бол эрчүүд удаан бодож даацтай шийдвэр гаргадаг гэдгийг л мартаж болохгүй юм шиг санагддаг. Миний хувьд, найз залуу маань маш ухаалаг хүн бий. Гэхдээ нарийн ширийн зүйлийг нь залж, чиглүүлэх хүн нь би учраас өөрөө ч гэсэн ухаалаг байхын төлөө зүтгэдэг.
- Хэзээ гэр бүл болох гэж байна?
- Гэрлэлтээ туулай жилд төлөвлөсөн байгаа. Гэхдээ одоохондоо эцсийн шийдвэрээ хэн хэн нь гаргаагүй. Ерөнхийдөө төлөвлөгөөний дагуу бол гэрлэх бодолтой байгаа. Ам бардам хэлэхээсээ айж байна. Хувь тавилангаараа болох л байх даа. Бид хоёр гурван жил гаран үерхэж байгаа ч одоогоор тусдаа байдаг. Одоо чинь хамтран амьдрагчид их болсон байна. Түүнээс жаахан татгалзаад жинхэнэ хамтын амьдралаар амьдарвал үнэ цэнэтэй юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл, хамтран амьдрагчид хэн хэнийхээ өмнө бүрэн хариуцлага хүлээж чаддаггүй юм болов уу гэж боддог.
No comments:
Post a Comment